А.В.АЛЕКСАНДРОВЫН НЭРЭМЖИТ ОХУ-ЫН ЦЭРГИЙН ЭРДМИЙН ЧУУЛГА МОНГОЛ УЛСАД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

 

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын цэргийн эрдмийн чуулга 08 дугаар сарын 27,28-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод бүрэн хэмжээний тоглолтоо хийх болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр буюу 26-ны 23:00 цагт ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хойд Осетын Ардын жүжигчин, Уран сайхны удирдаач, Хурандаа Геннадий Саченкюкээр ахлуулсан 132 хүний бүрэлдэхүүнтэй баг хүрэлцэн ирлээ.

А.В.Александровын нэрэмжит чуулгын бүрэлдэхүүнийг, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Э.Гансүх, нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш болон бусад албаны хүмүүс угтаж авлаа.

Тэртээх 1928 оны 10 дугаар сарын 12-нд байгуулагдсан тус чуулгын найрал дуу нь дэлхийн шилдэг найрал дууны нэгээр тэмдэглэгдсэн бөгөөд найрал дууны жигдрэл, академик хоолойн тод сэтгэл хөдөлгөсөн цэвэр дуугаралт нь ардын уран бүтээлийн онцлогийг харуулж өндөр чадамжийг илэрхийлж байдаг бөгөөд нийт 2000 гаруй урын сантай, дэлхийд алдартай чуулгын зохион байгуулагч болон анхны хөгжмийн удирдаач нь найрал дууны агуу удирдаач, хөгжмийн зохиолч, Москвагийн Консерваторын профессор, ЗХУ-ын Ардын жүжигчин, ЗХУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн, орчин цагийн Орос болон ЗХУ-ын төрийн дууллын хөгжмийн зохиолч хошууч генерал Александр Васильевич Александр аж.

Дэлхийд алдартай А.В.Александровын нэрэмжит чуулгын бүрэн хэмжээний тоглолт 08 дугаар сарын 28-нд 20:00 цагт Д.Сүхбаатарын талбайд болох тул иргэд та бүхнийг урьж байна.

Та бүхэндээ Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн мэнд дэвшүүлье.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт